Өнөөдөр 2008 оны 11 сарын 21-ны өдөр. Өмнө нь 6 сарын 4-нд Обамагийн талаар санал бодлоо бичиж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Харин одоо тэр хүн ерөнхийлөгчөөр сонгогдчихсон, америк даяар түүний тангараг өргөх өдрийг хүлээж сууна. Би хувьдаа Обама гарсанд баяртай байгаа. Түүнийг залуу хүнийх нь хувьд дэмжихээс гадна маш ухаалаг, өндөр боловсролтой, хар бор амьдралыг биеэрээ туулж үзсэн ёстой л чадвараараа гарч ирсэн жирийн нэгэн ардын хүүхдийх нь хувьд үнэлдэг. Угаасаа залуу хүн эрч хүчтэй, зоригтой шийдэмгий хөдлөх биз.
Обама АНУ-ын түүхэнд тун эгзэгтэй, хүн үед ерөнхийлөгч боллоо. Яг өнөөдрийн байдлаар АНУ-ын эдийн засаг тун хүнд байдалтай байна. Автомашины 3 том компаниуд болох GMC, Ford, Chrysler засгийн газраас дэмжлэг авч чадахгүй хүрвэл оны сүүлч гэхэд дампуурахад бэлэн болжээ. Тусламж үзүүлэх тал дээр хүмүүс янз янзын л бодолтой байна. Зарим нь тэдэнд тусалж олон сая хүнийг ажилгүй болохоос аврах хэрэгтэй. Хэрэв тэд ажилгүй болвол ажилгүйчүүдийн тэтгэмж төлөх маш том ачаа засгийн газрын нуруун дээр бууна гэж үзэж байна. Угаасаа худалдан авагчид америк машиныг бус, харин японы машиныг илүү худалдаж аваад байгаа юм чинь, борлогдохгүй бүтээгдхүүн үйлдвэрлэдэг газрыг татвар төлөгчдийн мөнгөөр ивээн тэтгэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэж үзэх нэг хэсэг байх. Үнэндээ америкийн автомашины үйлдвэрлэлд шинэчлэлт хийгдэх цаг болжээ.
Дэлхийн олон улс орон Обамаг сонгуульд ялсан мэдээг таатай хүлээж авсан. Учир нь зөвхөн тэр л улс орнуудын хоорондох таагүй уур амьсгалыг зөөлрүүлж чадна. Ямартаа ч Бушийн энэ талаарх баримталж байсан бодлогод нилээд том өөрчлөлт орох болов уу хэмээн дэлхий нийтээр найдвар тавьж байна.
Сонгуульд ялсны дараа Обамагийн Чикаго хотын Грэнт паркт хэлсэн үгийг та бүхэнд толилуулж байна.
No comments:
Post a Comment