Өчигдөр буюу 2008 оны 6 сарын 3-нд АНУ-ын түүхэнд маш том үйл явдал боллоо. АНУ-ын нийт хүн амын ердөө л 12%-ийг эзэлдэг, цөөнхид тооцогдогч харуудын дундаас ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн Барак Обама гарч ирлээ. 47 настай энэ залуу Иллиноис мужаас сонгогдсон сенатын гишүүн бөгөөд сонгуулийн сунгаанд эхнээсээ маш амжилттай оролцсоор өчигдөр ялалтаа тунхаглалаа. Түүнийг ийм амжилтанд хүрэхэд юу нөлөөлөв өө? Түүх сөхье. Хүний эрхийн төлөө тэмцлийн удирдагч харь арьстан Мартин Лютер Кинг 1968 оны 4 сарын 4-ний өдөр бусдад хорлогдон буудуулж нас барлаа. Энэ бол зүгээр нэг гэмт хэрэг байгаагүй, цэвэр арьс өнгөөр гадуурхагчийн хийсэн аллага байсан. Түүний аминд хүрсэн тэрхүү бууны сум шанаан хэсэгт тусч, хүзүүгээр нь нэвт гарсан нь амийг нь аврах боломжгүй үхлийн шарх болсон гэдэг. Энэ хэрэг гарахаас 7 жилийн өмнө буюу 1961 оны 8 сарын 4-нд Африкийн Кени улсаас суралцахаар ирсэн нэгэн хар залуу болон цагаан арьстан эмэгтэйн дундаас хүү мэндэлсэн нь Барак Обама байсан юм.
60-аад он гэдэг бол хар арьстантай гэрлэх нь бүү хэл, хамт нэг шөнийг өнгөрөөсөн бол 500$-оор торгодог, хар цагаанууд тусдаа 00-д бие засдаг, харуудын автобусанд суух суудлыг нь хүртэл зааж өгдөг сонин хууль (Law of Jim Crow) америкийн өмнөд мужуудад мөрдөгдөж байсан үе. 

Обамаг 2 настай байхад нь аав нь Кени рүүгээ нутаг буцсан бөгөөд ээж нь түүнийг дангаараа өсгөж хүн болгосон гэдэг. Сайн эхийн хайр халамжинд маш зөв хүн болж төлөвшсөн тэрбээр Колумби, Харвардад боловсрол эзэмшиж, Чикагогийн их сургуульд хуулийн факултетэд багш, олон нийтийн зохион байгуулагч зэрэг ажлуудыг хийж, сүүлд 2004 оны Сенатад сонгогджээ.
Обама АНУ-ын ерөнхийлөгч болоход одоо ганцхан л даваа үлдлээ. Энэ бол ирэх намар 11 сард болох ерөнхийлөгчийн сонгууль бөгөөд Бүгд найрамдах намаас гарсан Жон Мкэйнтэй өрсөлдөх юм. Жон Мкэйн насны хувьд нилээд өндөр, эрүүл мэндийн хувьд тийм ч сайнгүй. Вьетнамын дайны үеэр олзлогдон 5 жил шоронд тамлуулж, хат суун халуун чулуу долоосон нэгэн гэж үздэг. Энэ хоёрын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сонирхвол хэд хэдэн эрс ялгаатай зүйлс бий.
Обама:
Иракаас цэргээ татна
Иран, Хойд Солонгостой болзол тавилгүй хэлэлцээрийн ширээнд сууна.
Мкэйн:
Иракийн дайныг 100 жил ч хамаагүй үргэлжлүүлнэ.
Бушийн Иран, Хойд Солонгост явуулж байсан бодлогыг үргэлжлүүлнэ.
Барак Обамаг нэртэй улс төрчдөөс хуучин ерөнхийлөгч Жими Картер, сенатын гишүүн Эдвард Кеннеди, болон нилээд хэдэн мужийн амбан захирагчид дэмжиж байна. Сая ялагдсан хатагтай Клинтон хэрэв түүний дэд ерөнхийлөгч болохоор нэг баг болон Мкэйнтэй өрсөлдвөл өмнө нь Клинтонд саналаа өгч байсан настайчуул болон хөх захт цагаан арьстнууд Обамад саналаа өгнө гэсэн үг. Мөн түүнчлэн Иракийн дайнаас залхаж, эдийн засгийн хямралд бухимдсан иргэд Обамад саналаа өгч байгаа нь саяны сунгаанаас илт харагдсан. Шинийг эрэлхийлсэн залуучууд, ялангуяа 25-аас доош насныхан Обамад саналаа өгч байсан. Мөн харууд түүнд саналаа өгөх нь ойлгомжтой. Тэгэхээр Обамагийн хувьд ямар нэгэн алдаа гаргахгүй л бол ирэх намрын сонгуульд ялах магадлал тун өндөр байгаа юм. Юу болохнов, харж л байя.
1 comment:
Estoi sonin tuuh bichsend bayarlalaa! Tegbel amerik uls tuuhendee anhnii har eronhiilogchtoi boloh ni baish d
WOW gaihaltai!
Post a Comment