
Шөнөжин бороо орж, нойр сэрвэлзсээр 7 өнгөрөөгөөд бослоо. Битүү цагаан цасаар дарчихсан мөртлөө л усан бороогоор шиврэх юм даа. Байгаль дэлхий гэж... Сурсан зангаараа кофе ууж, зурагтын мэдээ үзэв. Иллиной мужийн амбан захирагч Rod Blagojevich-ийг өнөө өглөө 6.30 цагт холбооны мөрдөн байцаах газрынхан баривчилжээ.
Энэ талаар 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийгдэх бөгөөд үдээс хойш 01:30 цагт түүнийг холбооны шүүхээр оруулж, тулгаж байгаа хэргүүдийг хэлэлцэх юм байна. Баривчлагдсан шалтгаан нь хээл хахуулийн сэдэлтэй холбоотой. Обама ерөнхийлөгч болсноор түүний орхисон Сенатын суудалд мужийн захирагч хүн томилох учиртай байж. Гэтэл энэ нөхөр өнгөрсөн сар хүрэхгүй хугацаанд энэ албыг хөрөнгө мөнгөөр цохиж авах чадвартай хүмүүсийн дунд бараг л аукцион зохион байгуулсан юм байх. Тэр ч байтугай өөрийгөө томилох талаар ярьж байсан бололтой. Энэ бүхнийг холбооны мөрдөн байцаах газрынхан утасных нь яриаг чагнах, ойрын тойрон хүрээлэгчдээс нь мэдээлэл авах зэргээр баримтжуулан, өнөө өглөө гэрээс нь баривчилжээ.
Эднийхэн мөн ч шуурхай хөдлөх юм даа. Иймэрхүү улс төр, албан тушаалтай холбоотой хэрэг гарахад хэнд ч өршөөлгүйгээр ханддаг ийм ил тод ардчилал л Монголд минь хэрэгтэй байна. Хээл хахуульд идэгдсэн бохир төртэй улс орон хэзээ ч хөгждөггүй. Тийм ч учраас зах зээлд шилжээд бараг 20-иод жил болж байхад хүн амынх нь дийлэнх нь ядуу амьдарсаар л. Монгол маань хөгжөөсэй хэмээн залбирнам.








