Wednesday, December 9, 2009

Та сансарт нисмээр байна уу.

Virgin Galatic компани саяхан ийм нэгэн онгоцыг олонд толилуулжээ. Одоогийн байдлаар Сансарт аялах хүнийг зардлыг 200,000 доллароор тогтоосон байна. Хэтэрхий үнэтэй санагдаж байна уу? Уг нь санаа нь их гоё байгаа биз? Яваандаа олон компани энэ бизнесийг эрхлээд эхлэхээр үнэ нь бууна биз.



Tuesday, December 9, 2008

Иллиной мужийн амбан захирагч баривчлагдлаа.


Шөнөжин бороо орж, нойр сэрвэлзсээр 7 өнгөрөөгөөд бослоо. Битүү цагаан цасаар дарчихсан мөртлөө л усан бороогоор шиврэх юм даа. Байгаль дэлхий гэж... Сурсан зангаараа кофе ууж, зурагтын мэдээ үзэв. Иллиной мужийн амбан захирагч Rod Blagojevich-ийг өнөө өглөө 6.30 цагт холбооны мөрдөн байцаах газрынхан баривчилжээ. 

Энэ талаар 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийгдэх бөгөөд үдээс хойш 01:30 цагт түүнийг холбооны шүүхээр оруулж, тулгаж байгаа хэргүүдийг хэлэлцэх юм байна. Баривчлагдсан шалтгаан нь хээл хахуулийн сэдэлтэй холбоотой. Обама ерөнхийлөгч болсноор түүний орхисон Сенатын суудалд мужийн захирагч хүн томилох учиртай байж. Гэтэл энэ нөхөр өнгөрсөн сар хүрэхгүй хугацаанд энэ албыг хөрөнгө мөнгөөр цохиж авах чадвартай хүмүүсийн дунд бараг л аукцион зохион байгуулсан юм байх. Тэр ч байтугай өөрийгөө томилох талаар ярьж байсан бололтой. Энэ бүхнийг холбооны мөрдөн байцаах газрынхан утасных нь яриаг чагнах, ойрын тойрон хүрээлэгчдээс нь мэдээлэл авах зэргээр баримтжуулан, өнөө өглөө гэрээс нь баривчилжээ. 

Эднийхэн мөн ч шуурхай хөдлөх юм даа. Иймэрхүү улс төр, албан тушаалтай холбоотой хэрэг гарахад хэнд ч өршөөлгүйгээр ханддаг ийм ил тод ардчилал л Монголд минь хэрэгтэй байна. Хээл хахуульд идэгдсэн бохир төртэй улс орон хэзээ ч хөгждөггүй. Тийм ч учраас зах зээлд шилжээд бараг 20-иод жил болж байхад хүн амынх нь дийлэнх нь ядуу амьдарсаар л. Монгол маань хөгжөөсэй хэмээн залбирнам.  



Friday, November 21, 2008

Barack Obama - Next President of United States of America

Өнөөдөр 2008 оны 11 сарын 21-ны өдөр. Өмнө нь 6 сарын 4-нд Обамагийн талаар санал бодлоо бичиж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Харин одоо тэр хүн ерөнхийлөгчөөр сонгогдчихсон, америк даяар түүний тангараг өргөх өдрийг хүлээж сууна. Би хувьдаа Обама гарсанд баяртай байгаа. Түүнийг залуу хүнийх нь хувьд дэмжихээс гадна маш ухаалаг, өндөр боловсролтой, хар бор амьдралыг биеэрээ туулж үзсэн ёстой л чадвараараа гарч ирсэн жирийн нэгэн ардын хүүхдийх нь хувьд үнэлдэг. Угаасаа залуу хүн эрч хүчтэй, зоригтой шийдэмгий хөдлөх биз.

Обама АНУ-ын түүхэнд тун эгзэгтэй, хүн үед ерөнхийлөгч боллоо. Яг өнөөдрийн байдлаар АНУ-ын эдийн засаг тун хүнд байдалтай байна. Автомашины 3 том компаниуд болох GMC, Ford, Chrysler засгийн газраас дэмжлэг авч чадахгүй хүрвэл оны сүүлч гэхэд дампуурахад бэлэн болжээ. Тусламж үзүүлэх тал дээр хүмүүс янз янзын л бодолтой байна. Зарим нь тэдэнд тусалж олон сая хүнийг ажилгүй болохоос аврах хэрэгтэй. Хэрэв тэд ажилгүй болвол ажилгүйчүүдийн тэтгэмж төлөх маш том ачаа засгийн газрын нуруун дээр бууна гэж үзэж байна. Угаасаа худалдан авагчид америк машиныг бус, харин японы машиныг илүү худалдаж аваад байгаа юм чинь, борлогдохгүй бүтээгдхүүн үйлдвэрлэдэг газрыг татвар төлөгчдийн мөнгөөр ивээн тэтгэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэж үзэх нэг хэсэг байх. Үнэндээ америкийн автомашины үйлдвэрлэлд шинэчлэлт хийгдэх цаг болжээ.

Дэлхийн олон улс орон Обамаг сонгуульд ялсан мэдээг таатай хүлээж авсан. Учир нь зөвхөн тэр л улс орнуудын хоорондох таагүй уур амьсгалыг зөөлрүүлж чадна. Ямартаа ч Бушийн энэ талаарх баримталж байсан бодлогод нилээд том өөрчлөлт орох болов уу хэмээн дэлхий нийтээр найдвар тавьж байна.

Сонгуульд ялсны дараа Обамагийн Чикаго хотын Грэнт паркт хэлсэн үгийг та бүхэнд толилуулж байна.